Түр хүлээнэ үү...

Эхлэл Холбоо барих

“Unread Media” “Монгол ТВ”, “VTV” телевизүүдтэй нэгдэн, нээлттэй компани болохоо зарлалаа

2021.07.05-ны өдөр 23:54 цаг

Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны олон нийтэд нээлттэй компани болох зорилготой “ТэнГэрЛиг медиа групп” байгуулагдлаа. Технологийн дэвшлийг ашиглан жишиг контент бүтээхээр нэгдэж буй тус медиа группийг танилцуулъя.

ЮУ?

Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны олон нийтийн буюу хувьцаат компани болох зорилготой “ТэнГэрЛиг медиа групп” (ТМГ) байгуулагдаж байгааг “Unread Media” зарлалаа. “Монгол ТВ” телевиз, “Промедиа Нетвөрк” буюу VTV телевиз, “Unread Media” гэсэн, Монголын хэвлэл мэдээллийн салбарын гурван төлөөлөл ийнхүү нэгдэв.

ЯАЖ?

ТМГ нь Монголын Хөрөнгийн Бирж дээр үйл ажиллагаа явуулдаг “Е-Моние” ХК-тай урвуу нэгдэл (RTO) хийх замаар нээлттэй компани болох бөгөөд олон нийт хэвлэл мэдээллийн компанийг эзэмших, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ашиг өгөөжөөс нь хүртэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

ЯАГААД?

ТМГ-ийн ТУЗ-ийн даргаар “Ард Пропертиз” компанийн гүйцэтгэх захирал Г.Уянга сонгогдсон бол гүйцэтгэх захирлаар Г.Бат-Эрдэнэ томилогдож, “Монгол ТВ”-ийн гүйцэтгэх захирлын албатай хавсран гүйцэтгэхээр болж байна. Харин VTV болон “Unread Media” компанийг А.Ундрал удирдана.

TMГ-ийн зорилгыг “Хэвлэл мэдээллийн салбарт олон нийтийн нээлттэй компани байгуулснаар санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, эцсийн үр дүнд хараат бус, нэгдмэл редакцын бодлоготой хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгох, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж шилдэг контент бүтээх” хэмээжээ.

ХЭН ЮУ ХЭЛЭВ?

ТМГ-ийг нээлттэй компани болгох үйл явцыг “Ард секюритиз” компани удирдаж байгаа бөгөөд ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг энэ тухайд “ТэнГэрЛиг нь манай компанийн баримталдаг “Хүчтэй. Хамтдаа” гэсэн зарчмыг баримталж, хэвлэл мэдээллийн салбарт шинэ жишиг тогтоож, түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт хийх боломжийг олгож байгаад олзуурхаж байгаа. “Ард”-ынхан ТМГ-ийг нээлтэй компани болж, хувьцаагаа олон түмэндээ арилжаалахад нь тусалж хамтран ажиллаж байна” хэмээв.

ДАРААГИЙН АЛХАМ

“VTV” телевиз 2021 оны III улиралд өнгө төрх, контентийн бодлого, агуулгын хувьд бүрэн шинэчлэгдэн, албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Харин “Монгол ТВ”-ийн хувьд контент үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд “ORI Studios” төслийг хэрэгжүүлж, контент бүтээгч бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн цогц төвийг ирэх жил ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа юм.