Түр хүлээнэ үү...

Эхлэл Холбоо барих

ТэнГэрЛиг Медиа Групп ХК нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авлаа

2021.09.21-ны өдөр 00:20 цаг

Улаанбаатар, 2021 оны есдүгээр сарын 21

Өнгөрөгч наймдугаар сард “Монгол Телевиз“, “Ори Студиос”, “Промедиа Нетвөрк” буюу VTV телевиз, “Unread Media” компаниуд нэгдэн ТэнГэрЛиг Медиа Группийг (ТМГ) үүсгэн байгуулж буйгаа зарласан. ТМГ-ийг Монголын анхны нээлттэй хувьцаат медиа холдинг компани болгохоор үүсгэн байгуулсан гэдгийг Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ мэдэгдсэн бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж дээр “TNGR” товчлолоор олон нийтэд хувьцаагаа санал болгох төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.

Тэгвэл ТэнГэрЛиг Медиа Групп энэ зорилгынхоо хүрээнд ээлжит алхмаа хийж нэмэлт хувьцаа гаргах боломжтой болжээ. Санхүүгийн Зохицуулах Хорооноос ТМГ-ийг хаалттай хүрээнд 5,941,457 ширхэг энгийн хувьцааг нэмж бүртгэн, тус компанийн нийт гаргасан хувьцааг 6,000,000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байна.

Ингэснээр ТМГ нь хөрөнгө оруулагчдынхаа тоог нэмэх, мөн хувьцаагаа арилжаалж эхлэхэд бэлэн болж буй юм. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүжилт татах, ил тод байдлыг хангах, бизнесийн тогтвортой, хараат бус моделийг бий болгон энэ салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгод нь томоохон дэмжлэг болно хэмээн ТМГ-ийн удирдлагууд үзэж байна.

ТМГ-ийн сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулбал, “Монгол Телевиз” ХХК нь контент үйлдвэрлэгч бүхий л оролцогч талуудыг нэг дор нэгтгэсэн контент хаб байгуулах “ORI Studios” төслөө хөгжүүлэн, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд буй. “VTV”-ийн хувьд 2021 онд багтаан цоо шинэ өнгө төрх, контентын бодлогоо танилцуулах юм. Харин “Unread Media” компанийн хувьд ажил хэрэгч хүмүүс, залуу мэргэжилтнүүдэд зориулсан контентуудынхаа тоог нэмэгдүүлж, хэлбэрийг төрөлжүүлж, шинэ төслүүдийг эхлүүлжээ.

Цар тахлын хүндрэлд олонх салбарууд өртөж буй энэ үед хэвлэл мэдээлэл, контентын зах зээл нь чухал хэрэгцээтэй бөгөөд хөгжих боломжтой гэдгийг олон нийт харж байна. Ийм нөхцөлд уг зах зээлд нөлөөтэй тоглогчид нэгдэж нягтран, олон нийтийн дэмжлэгийг татах нь бүх л талуудад харилцан ашигтай нөхцөлийг үүсгэнэ гэдгийг тэд онцолж байгаа юм. ТМГ-ийн Гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ 2022 онд хэвлэл мэдээлэл, контентын зах зээлд тэсрэлт хийх төслүүдийг бэлэн болгохоор ажиллаж байгаагаа мөн дурдлаа.

Холбогдох:

Хаяг: Улаанбаатар, СБД, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Ард Холдингс байр, 2-р давхар
Утас: +(976) 7707 8282
Имэйл: contact@tngr.media
Вэбсайт: www.tngr.media